27 дугаар зүйл. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух

27.1.Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.2.Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараахь хэлбэрээр олгоно:

27.2.1.гэр бүлийн шалтгаанаар;

27.2.2.цагаачлах;

27.2.3.хөдөлмөр эрхлэх;

27.2.4.хөрөнгө оруулах;

27.2.5.суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор.

27.3.Дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно:

27.3.1.тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн;

27.3.2.энэ хуульд заасан виз, бүртгэл, оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

27.3.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан;

27.3.4.виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн.

27.3.5.харьяалах улсын эрх бүхий байгууллагаас гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хүчингүй болгосон. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

27.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно.

27.5.Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.