29 дугаар зүйл. Монгол Улсад цагаачлах
29.1.Монгол Улсад цагаачлах эрх авах тухай гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.2.Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргасан гадаадын иргэн 55 буюу түүнээс дээш настай бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлан оршин суух зөвшөөрөл олгохдоо энэ хуулийн 28.3-т заасан зарчмыг баримтална.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.3.Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.4.Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух зөвшөөрөл авсан харьяалалгүй хүн гадаадад зорчих бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүнд гадаадад зорчих үнэмлэх олгоно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.5.Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.17 хувь хүртэл байж болно.
29.6.Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.4 хувиас доош байгаа нөхцөлд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тус улсад цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог харьяалах улс болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух байршлаар нь бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа, 0.4 хувиас дээш гарсан нөхцөлд жил тутам тогтооно.