32 дугаар зүйл. Монгол Улсад албан хэргээр оршин суух
32.1.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн болон гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус улсад оршин суух зөвшөөрөл олгож, хугацааг нь сунгана.
32.2.Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг нь сунгах асуудлыг уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
32.3.Энэ хуулийн 32.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, энэ хуулийн 32.2-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./