9 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх
9.1.Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад орогнох эрх олгоно.
9.2.Монгол Улсын Засгийн газар гадаадын иргэний асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1.Монгол Улсын визийн ангилал болон визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, Монгол Улсын виз олгох журам батлах; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.2.гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг батлах;
9.2.3.гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмыг батлах. /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.2.4.тухайлсан улсын иргэнийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэх; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
9.2.5.хуульд заасан бусад бүрэн эрх /Энэ заалтын дугаарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаадын иргэний асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.3.1.гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг олгох, хэвлэх болон эзэмших, хадгалах, ашиглах журмыг батлах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.2.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг батлах;
9.3.3.гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл харилцан солилцох журмыг батлах;
9.3.4.энэ хуулийн 36.5-д заасан барьцаа гаргах, буцаан олгох, барьцааны хэмжээ тогтоох журмыг батлах;
9.3.5.энэ хуулийн 40.1.5-д заасан олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам батлах; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
9.3.6.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаадын иргэний асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.4.1.хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал хариуцсан ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.4.2.энэ хуулийн 13.3-т заасан журамд нийцүүлэн хилийн чанадад ажиллах виз мэдүүлгийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулах; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
9.4.3.хуульд заасан бусад бүрэн эрх /Энэ заалтын дугаарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
9.5.1.гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг зохион байгуулах;
9.5.2.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журмыг батлах;
9.5.3.гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журмыг батлах;
9.5.4.гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох журмыг батлах;
9.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
9.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах сум, дүүрэгт нь оршин суугаа гадаадын иргэний хаягийн бүртгэлийн мэдээг нэгтгэн хагас жил тутам гаргаж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
9.7.Сум, дүүргийн Засаг дарга гадаадын иргэний асуудлаар дараахь эрх, үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.1.нутаг дэвсгэртээ оршин суугаа гадаадын иргэний хаягийн бүртгэл хөтлөх;
9.7.2.гадаадын иргэний оршин суугаа газрын талаар тодорхойлолт гаргах;
9.7.3.гадаадын иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах;
9.7.4.хуульд заасан бусад эрх, үүрэг.