11 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах
11.1.Газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, саванд хадгална.
11.2.Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулах эзэмшигч хуулийн этгээд дор дурдсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
11.2.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх;
11.2.2.газрын хөрсний геологийн дүгнэлтийг эрх бүхий байгууллагаар хийлгэх;
11.2.3.эрх бүхий мэргэжлийн байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн зураг, төслийн дагуу барьсан байх, газар эзэмших зөвшөөрөлтэй байх;
11.2.4.холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар ариун цэвэр, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулах; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.5.галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах;
11.2.6.агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан тухай улсын комиссын акт, барилга байгууламжийн үндсэн бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөв байдлыг тодорхойлсон техникийн дүгнэлттэй байх.
11.3.Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг өмчлөгч савыг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журмыг газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.4.Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад дараах зүйлийг хориглоно:
11.4.1.зориулалтын бус барилга байгууламжид, мөн улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах;
11.4.2.стандартын шаардлага хангаагүй саванд хадгалах;
11.4.3.нэвчилт, шүүрэлттэй дамжуулах хоолой ашиглах;
11.4.4.аянга зайлуулагч, газардуулгын байгууламжгүй, уг байгууламжийн эсэргүүцлийг нь мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хэмжүүлж баталгаажуулаагүй сав, тоног төхөөрөмж ашиглах;
11.4.5.газрын тосны бүтээгдэхүүнийг автоцистернээс газардуулгагүй буулгах;
11.4.6.газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын буулгах байгууламжгүй саванд буулгах.