34 дугаар зүйл. Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам

34.1.Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.

34.2.Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.3.Хэрэв тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийн гэрчилгээгээр эзэмших газарт хийсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарсан бол эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж, дуудлага худалдааны үнийг буцаан олгоно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.4.Дуудлага худалдаанд оролцсон бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа бол энэ хуулийн дагуу дуудлага худалдааг дахин явуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.5.Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.

34.6.Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:

34.6.1.газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/;

34.6.2.газар эзэмших зориулалт;

34.6.3. газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.6.4.газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт;

34.6.5.газар эзэмшүүлэх хугацаа;

34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.6.7.гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага;

34.6.8.газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо;

34.6.9.эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах нөхцөл, журам;

34.6.10.газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар хийх ажил;

34.6.11.шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

34.7.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.8.Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.

34.9.Газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж болно.

34.10.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно.

34.11.Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших гэрээ байгуулахаас өмнө уг газарт палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна.

/Энэ хэсгийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.