35 дугаар зүйл. Газар эзэмшигчийн эрх, үүрэг

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Газар эзэмшигчийн эрх, үүрэг

35.1.Газар эзэмшигч дараахь эрхтэй:

35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах; 35.1.2. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;

35.1.3.газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;

35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;

/Энэ заалтад 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;

35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;

35.1.7.газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах.

/Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

35.2.Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй.

35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:

35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;

35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;

35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.3.4. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;

35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

35.3.6.энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.