52 дугаар зүйл. Бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах
52.1.Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг энэ хуульд заасан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
52.3.Ойн сан бүхий газрыг зохих хууль тогтоомжийн дагуу бэлчээрт ашиглаж болно.
52.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
52.5.Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол, гэрээний дагуу ашиглуулж болно.
52.6.Энэ хуулийн 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
52.7.Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.
52.8.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал тухайн шатны Засаг дарга нар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв тохиролцохгүйд хүрвэл уг асуудлыг дээд шатны Засаг дарга буюу Засгийн газар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
52.9.Гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед ашиглах сум дундын отрын нөөц нутаг, түүний заагийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг дундын отрын нөөц нутаг, түүний заагийг орон нутгийн удирдлагын хүсэлтийг харгалзан Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
52.10.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
52.11.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг хашихыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
52.12.Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах журам, гэрээний загварыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
52.13.Энэ хуулийн 52.12-т заасан гэрээг 15 хүртэл жилийн хугацаатай байгуулах бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг харгалзан анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./