602 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөл /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

602 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөл /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

602.1.Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

602.2.Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд хурлын ирц, зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг, маргаанд оролцогчдын эрх, үүрэг, тайлбар, нотлох баримтыг хянах, дүгнэлт гаргах, шийдвэрлэх, зөвлөлийн шийдвэрийг мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан байна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

602.3.Маргаан таслах зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байх ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

602.4.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн газрын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

602.5.Маргаан таслах зөвлөлийн гишүүн нь газар зохион байгуулагч, газрын кадастр, газрын үнэлгээ, геодезийн инженер, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

602.6.Маргаан таслах зөвлөлийн ажлын албаны үүргийг нийслэлийн газрын алба хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.