7 дугаар зүйл. Газрын төлбөрийн хувь, хэмжээ

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Газрын төлбөрийн хувь, хэмжээ

1. Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно:

1/ нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь;

2/ эзэмшиж, ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь;

3/ эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь;

4/ зам, шугам сүлжээний газрын километр тутмын газрын төлбөрийн доод хязгаар 1500 төгрөг, дээд хязгаар 7500 төгрөг;

5/ энэ хэсгийн 1-4-т зааснаас бусад газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03 хувь.

2. Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно.

3. Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг тухайн нутаг дахь хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин багасгаж тооцно.

4.Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Ойн сан бүхий газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.

7. Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.

8. Эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр атаршуулсан болон өнжөөсөн газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээгээр тооцно.

9.Тусгай хамгаалалттай газар нутаг, нийслэлийн ногоон бүсэд аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан бол газрын төлбөрийг хоёр дахин өсгөж тооцно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.