8 дугаар зүйл. Газрын төлбөрөөс чөлөөлөх

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Газрын төлбөрөөс чөлөөлөх

1. Дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө:

1/ малчин өрхийг бэлчээр, хадлангийн газрын;

2/ Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0,07 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар;

3/ Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хилийн зурвас газрын;

4/хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх төрлийн соёлын байгууллагыг болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль, түүх, соёлын дурсгалт зүйл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалах, хамгаалахад зориулан эзэмшиж, ашиглаж байгаа газрынх нь; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/ төрийн болон орон нутгийн өмчийн асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар дахь эзэмшиж, ашиглаж буй газрынх нь; /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд;

7/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэний талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд;

8/ сууц өмчлөгчдийн холбоог түүнд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газрын.

/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

9/үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эхний 10 жилд газрын төлбөрөөс чөлөөлнө. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

10/ алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

11/худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар;

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

12/ чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

2. Газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн болон байгаль орчинд ивээлтэй технологиор ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

3.Үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрийн газарт хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн талаар холбогдох байгууллагаас дүгнэлт гаргасан нөхцөлд газрын төлбөрөөс чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан газрын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхдээ стандартын шаардлагад нийцээгүй нүхэн жорлонгүй байх нөхцөлийг хангасан байна. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Газрын төлбөрөөс хөнгөлөгдөж, чөлөөлөгдсөн иргэн, хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нь тогтоогдвол хөнгөлж, чөлөөлсөн газрын төлбөрийг төсөвт нөхөн төлүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.