9 дугаар зүйл. Газрын төлбөр ногдуулах

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Газрын төлбөр ногдуулах

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.

2.Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.

3.Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.

4.Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.

5.Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.

6.Газрын нэгж талбарын дугаар, газрын эзэмшил, ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, талбайн хэмжээ, газрын суурь үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт, төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим, бусад хэлбэрээр харилцан солилцох журмыг болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд хамтран батална. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх журмыг Нийслэлийн Засаг дарга, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нар хамтран батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.