21 дугаар зүйл. Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журам

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журам

1.Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно:

1/газрын хэвлийг цаашид ашиглах шаардлагагүй болсон;

2/газрын хэвлийг ашиглахаар тогтоосон хугацаа дууссан;

3/төрийн буюу олон нийтийн бусад хэрэгцээнд зориулан газрын хэвлийг буцаан авах зайлшгүй шаардлага гарсан;

4/газрын хэвлийг ашиглаж байсан аж ахуйн нэгж, байгууллагыг татан буулгасан;

5/хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон.

2.Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно:

1/газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;

2/газрын хэвлийг олгосон зориулалтаас өөрөөр ашигласан;

3/энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг биелүүлээгүй;

4/газрын хэвлийг ашиглах, хамгаалах бусад журмыг өөр хэлбэрээр ноцтой зөрчсөн.

3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд газрын хэвлийг аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан ашиглах талаар тогтоосон журам, нөхцөлийг зөрчвөл газрын хэвлийг ашиглах эрхийг нь дуусгавар болгож болно.

4.Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох өөр үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоож болно.

5.Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно.

ГАЗРЫН ХЭВЛИЙН ГЕОЛОГИЙН СУДАЛГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.