22 дугаар зүйл. Газрын хэвлийн геологийн судалгаа хийхэд тавих үндсэн шаардлага

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Газрын хэвлийн геологийн судалгаа хийхэд тавих үндсэн шаардлага

Газрын хэвлийн геологийн судалгаа хийж байгаа Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага болон бусад байгууллага дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

1/геологийн судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой, зөв зохистой, үр ашигтай хийх;

2/газрын хэвлийн геологийн тогтоц, түүнчлэн хайгуул хийсэн ордыг ашиглах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих, ашиглахад нөлөөлдөг гидрогеологи, уул-техникийн болон бусад нөхцөлийг бүрэн судлах;

3/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийг бүрэн илрүүлж, тэдгээрийн нөөцийн хэмжээ, чанар боловсруулах технологийг үнэн зөв тодорхойлох, ашигт малтмалын ордод геологи-эдийн засгийн үнэлгээ өгөх;

4/геологийн судалгааны ажлыг ашигт малтмалын чанарыг бууруулахгүй, зүй бус хаягдал гаргахгүй аргаар хийх;

5/газрын хэвлийгээс гаргасан чулуулаг, ашигт малтмалыг байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүйгээр хадгалж хамгаалах, тэдгээрийг цаашид ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

6/ордыг ашиглах үед болон аж ахуйн бусад зориулалтаар ашиглаж болох хайгуулын малталт, өрөмдлөгийн цооногийг хүн, мал, ан амьтанд аюулгүйгээр бүрэн бүтэн байлгах, харин ашиглахгүй хайгуулын малталт, өрөмдлөгийн цооногийг дарж цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан тухайн сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгч, геологийн судалгааны ажлын дүнгээ мэдээлж бүртгүүлэх;

7/газрын хэвлийг цаашид судлах, ашигт малтмалын ордыг хайх, ашиглах, түүнчлэн газрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглахад хэрэглэж болох геологийн болон гүйцэтгэл-техникийн баримт бичиг, чулуулаг, хүдрийн дээж, цооногийн чөмөг, ашигт малтмалын сорьцын хувийг бүрэн бүтэн байлгах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.