38 дугаар зүйл. Газрын хэвлийг ашиглах явцад аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Газрын хэвлийг ашиглах явцад аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

1.Газрын хэвлийг ашиглахдаа дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

1/аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг бүх ажилчин, албан хаагчдаар судлуулж мөрдүүлэх;

2/аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;

3/ажиллагчдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, тэднийг аюулгүй газарт гаргаж, уг нөхцөл байдлыг арилгаж хэвийн болгох шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;

4/аюулгүй ажиллагааны болон ариун цэврийн дүрэм, хэм хэмжээний шаардлагад тохирсон машин техник, тоног төхөөрөмж, материал, ажлын тусгай хувцас, бие хамгаалах бусад хэрэгслээр хангаж хэрэглүүлж байх;

5/тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зохих ёсоор бүртгэн тооцох, хадгалах, зарцуулах, аюул осолгүй хэрэглэх.

2.Уулын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь уурхайн доторхи агаарын найрлагыг сайжруулах, уулын ажлын технологи, аюулгүй ажиллагааны арга, техник хэрэгслийг боловсронгуй болгох асуудлыг тусгасан, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн техник, зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээ авч уулын ажил гүйцэтгэдэг ажилтан, албан хаагчдын аюул осолгүй, хэвийн ажиллаж, амьдрах нөхцөл болон ариун цэврийн дүрэм, хэм хэмжээг байнга боловсронгуй болгож байна.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3./Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Уулын малталт нь газар доор ажиллаж байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохоор буюу уурхайн доторхи агаарын хүчилтөрөгч, хортой болон тэсрэх аюултай хий, тоосны хэмжээ, түүнчлэн агаарын халуун, хүйтэн нь аюулгүй ажиллагааны болон ариун цэврийн дүрэм, хэм хэмжээний шаардлагад тохирохгүй байвал уулын ажил гүйцэтгэхийг хориглоно.

5.Уулын болон тэсэлгээний ажил удирдахыг зохих тусгай мэргэжлийн ажилтанд, тэсэлгээний ажил хийхийг тийм ажил эрхлэн гүйцэтгэх эрх бүхий хүмүүст тус тус зөвшөөрнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.