6 дугаар зүйл. Газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи үйл ажиллагааг төрөөс удирдах
1.Улсын Их Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг тодорхойлох;
2/газрын хэвлийн улсын нэгдмэл санг захиран зарцуулах бодлогын үндсийг тодорхойлж, чиглэлийг тогтоох;
3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
2.Засгийн газар газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;
2/газрын хэвлийг ашиглах, хамгаалах техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлох;
3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
3.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2/газрын хэвлийн баялаг, эрдэс түүхий эдийг зохистой ашиглах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;
3/газрын хэвлийг ашиглах, геологийн судалгаа хийх үйл ажиллагаанд төрийн хяналтыг хэрэгжүүлэх;
4/ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын орд ашиглахад зориулан аж ахуйн нэгж, байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу уурхайн эдэлбэр олгох;
5/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, газрын хэвлийг ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэхэд төрийн хяналт тавих;
2/газрын хэвлийг зохистой ашиглуулах, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/