8 дугаар зүйл. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
1.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;
2/энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар сум, дүүргийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.
2.Сум, дүүргийн Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2/нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газрыг Ашигт малтмалын болон Газрын тухай хуульд нийцүүлэн олгох; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3/нутаг дэвсгэртээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төрлийн геологийн судалгааны ажил болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлаар ашигт малтмалын нөөцийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4/ердийн ашигт малтмал, газар доорхи цэнгэг усыг ашиглах тухай саналыг холбогдох байгууллагад тавих;
5/нутаг дэвсгэртээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.17, 59.1.18, 62.1.7-д заасан эрхийг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/