3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."геодези" гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг;
3.1.2."зураг зүй" гэж газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагааг;
3.1.3."газрын зураг" гэж газрын гадаргын бодит зүйлийг хавтгайд тодорхой тусгаг, масштабт оруулан томъёолсон тэмдгээр дүрсэлснийг;
3.1.4."зурагжуулах" гэж төрөл бүрийн масштабтай байр зүйн болон бусад зургаар эх дэлхийн тодорхой хэсгийг дүрслэх цогцолбор үйл ажиллагааг;
3.1.5."газар зүйн нэр" гэж газрын гадарга дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор тогтоосон нэрийг;
3.1.6. "геодезийн байнгын цэг, тэмдэгт" гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээсийг;
3.1.7."геодезийн сүлжээ" гэж геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийн тогтолцоог;
3.1.8."геодези, зураг зүйн багаж хэрэгсэл" гэж өнцөг, өндөр, зай, хүндийн хүчний хурдатгал болон цэгийн байрлалыг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох багажийг;
3.1.9."кадастрын зураг" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад шаардагдах дэвсгэр зураг зохиох, газрын зургийн мэдээллээр геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой хийсэн бусад зургийг.
/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТЭДГЭЭРИЙН БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ