14 дугаар зүйл. Туслагч, туслах ажилтан ажиллуулах
14.1.Гүйцэтгэх байгууллага нь эрх зүйн чадамжтай энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад хүнийг өөрийн нь зөвшөөрснөөр иргэний харьяалал, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан туслагч, туслах ажилтнаар ажиллуулж болно.
14.2.Шаардлагатай тохиолдолд туслагч, туслах ажилтантай бичгээр гэрээ байгуулах бөгөөд гэрээнд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14.3.Туслагч, туслах ажилтныг зөвхөн гэрээ байгуулсан байгууллагад хуулиар харьяалуулсан асуудлыг шалгахад оролцуулах бөгөөд гэрээнд гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.4.Туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.5.Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, түүний эрх бүхий ажилтнаас энэ хуулийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлнэ. Өгсөн үүрэг нь тухайн байгууллагын харьяалалд хамаарахгүй, энэ хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзвэл туслагч, туслах ажилтан уг үүргийг биелүүлэхээс татгалзаж болно.
14.6.Туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.