13 дугаар зүйл. Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны бүрэн эрх

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны бүрэн эрх

13.1.Гүйцэтгэх байгууллага өөрийн орон тооны ажилтан /цаашид "гүйцэтгэх ажилтан" гэх/, түүнчлэн нууц гүйцэтгэх ажилтан, туслах ажилтан, туслагч /цаашид "туслах ажилтан" гэх/-аар дамжуулан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

13.2.Гүйцэтгэх байгууллага, ажилтан дараахь эрх эдэлнэ:

13.2.1.хуулиар харьяалуулсан болон энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу гүйцэтгэх ажил явуулах;

13.2.2.шаардлагатай бол байгууллага, иргэдийн байр, орон сууц, тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслийг зохих хөлстэйгээр ашиглах;

13.2.3.сэжигтэн, яллагдагч, ялтан болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх прокурорын байгууллагад шалгагдаж байгаа оргосон этгээд нуугдаж байна гэж үзэх үндэслэл байвал байгууллага, иргэдийн байр, орон сууцанд саадгүй орох, иргэний баримт бичгийг шалгах;

13.2.4.өөрийн болон гүйцэтгэх, туслах ажилтан, тэдгээрийн үйл ажиллагааг далдлах зорилгоор халхавчийн баримт бичиг, бусад зүйл ашиглах, халхавчийн байгууллага байгуулах;

13.2.5.гүйцэтгэх ажилд хууль тогтоомжоор хориглоогүй техник хэрэгсэл ашиглах, тэдгээрийг зохион бүтээх;

13.2.6.ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зэвсэг, тусгай хэрэгслийг тогтоосон журмын дагуу биедээ авч явах, хэрэглэх.

13.3.Гүйцэтгэх байгууллага, ажилтан дор дурдсан үүрэгтэй:

13.3.1.хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

13.3.2.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж завдаж байгаа тухай, түүнчлэн улс, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл авмагц гарч болох аюул хохирлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус тусын чиг үүргийн дагуу шуурхай авах;

13.3.3.өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн болон нууц арга хэрэглэж зохиосон ажлын тоо бүртгэл хөтөлж, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллуулах, гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.3.4.өөрийн болон гүйцэтгэх, туслах ажилтны аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж тэдгээрт учирч болох халдлагаас урьдчилан сэргийлэх;

13.3.5.шалгаж төгс шийдвэрлээгүй мэдээ баримтыг задруулахгүй байх, гүйцэтгэх ажлын явцад мэдсэн буюу илэрхий болсон мэдээ баримтыг хууль бусаар хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх;

13.3.6.гүйцэтгэх ажлын холбогдолтой төрийн болон албаны нууцыг чанд хамгаалах, нууцлалыг сахих;

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.3.7.шаардлагатай бол гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагатай мэдээлэл солилцох, хамтарч харилцан ажиллах;

13.3.8.гүйцэтгэх ажлын хэргийн шалгалтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, хэргийн мэдээ, баримтыг хууль тогтоомжид заасан үндэслэл журмыг зөрчиж устгахгүй байх, архивыг зохих журмын дагуу хөтлөх;

13.3.9.гүйцэтгэх ажлын зориулалтаар төсвөөс олгосон хөрөнгийг зохих зориулалт, журмын дагуу зарцуулж тайланг тогтоосон хугацаанд гаргах;

13.3.10.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

13.4.Гүйцэтгэх байгууллага, ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас саад учруулахыг хориглоно.

13.5.Гүйцэтгэх ажилтны албан тушаалд иргэнийг судлах, сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулахтай холбогдох харилцааг Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-т заасан журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.