23 дугаар зүйл. Гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналт
23.1.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын хяналтыг Улсын Ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор хэрэгжүүлнэ.
23.2.Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэлд прокурор хяналт тавина.
23.3.Гүйцэтгэх байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд дор дурдсан ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл өгнө.
23.3.1.харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.3.2.шуудан харилцааг хянах;
23.3.3.орон байр, барилга байгууламж, газар, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, эд зүйлд нууц үзлэг хийх;
23.3.4.нууцаар ажиглалт явуулах;
23.3.5.хяналтын худалдан авалт;
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
23.3.6.нууцаар сонсох, харах тусгай техник хэрэгсэл ашиглах.
/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.4.Хойшлуулшгүй тохиолдолд тухайн гүйцэтгэх байгууллагын даргын шийдвэрээр энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг 24 цагийн дотор прокуророос авна.
23.5.Прокурор гүйцэтгэх ажлын явцад авагдаж, эрүүгийн хэргийн нотлох баримт болгосон баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулсан эсэхэд хяналт тавина.
23.6.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах зөвшөөрөл олгосон прокурор нь уг ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх, шаардлагатай бол эдгээр ажиллагааны үр дүн болон гүйцэтгэх ажлын холбогдох материалтай танилцаж болно.
23.7.Прокурорын зөвшөөрөл нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах тухай гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг батламжлах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шийдвэрт дараахь зүйлийг тодорхой тусгасан байна:
23.7.1.зохиох арга хэмжээ, түүний үндэслэл, зорилго, холбогдох хүний тухай мэдээ, хянах утасны дугаар, шуудан харилцааны төрөл буюу үзлэг хийх орон байрны хаяг, шаардагдах хугацаа, ашиглах тусгай техник хэрэгсэл;
23.7.2.тухайн үйлдэл, үйл ажиллагааг бусад аргаар илрүүлэх, баримтжуулах боломжгүй буюу бэрхшээлтэй болох тухай үндэслэл бүхий тайлбар;
23.7.3.уг арга хэмжээг тухайн хүнд холбогдуулж урьд зохиож байсан эсэх тухай лавлагаа.
23.8.Зохиосон арга хэмжээ дуусмагц гүйцэтгэх байгууллага зөвшөөрөл олгосон прокурорт энэ тухайгаа мэдэгдэнэ.