8 дугаар зүйл. Гүйцэтгэх ажилд хориглох зүйл

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Гүйцэтгэх ажилд хориглох зүйл

8.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтан, хувь хүн гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, аливаа техник хэрэгслийг гүйцэтгэх ажлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.2.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.

8.3.Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг ажиллуулахдаа хуулиар өөрт нь зөвшөөрөгдөөгүй эрх эдлүүлэх буюу харьяалуулснаас өөр асуудал шалгуулах, түүнчлэн хууль тогтоомжоор хориглосон техник хэрэгсэл ашиглуулж болохгүй.

8.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч нь нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтан байж болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.5.Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, шүүгч, прокурор, өмгөөлөгчийн болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн үнэмлэхийг халхавчийн баримт бичиг болгон ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.6.Нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулах, хуульд зааснаас бусад зорилго, үндэслэлээр ажиллуулах болон хууль бус үйлдэлд татан оролцуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.7.Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.8.Хуулиар эрх олгоогүй хувь хүн, байгууллага, албан тушаалтан гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА, ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ЯВУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ХҮРЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.