9 дугаар зүйл. Гүйцэтгэх байгууллага

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Гүйцэтгэх байгууллага

9.1.Дараахь байгууллага дор дурдсан зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй:

9.1.1.тагнуулын байгууллага нь гадаад тагнуул, хилийн тагнуул, сөрөх тагнуулын чиглэлээр гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий бусад мэдээ олох, дэмжлэг үзүүлэх, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй гадаад, дотоод эрсдэл, аюул, занал, хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.2.цэргийн тагнуулын байгууллага- олон улсын болон бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал, үүсч болзошгүй цэргийн аюул заналыг судалж, түүнээс Монгол Улсад учирч болох хор аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн дээд болон зэвсэгт хүчний удирдлагыг энэ чиглэлийн мэдээллээр хангах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.3.цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, олон нийтийн аюулгүй байдал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон прокурор, шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олох;

/Энэ заалтад 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.4.шүүхийн шийдвэр биелүүлэх газрын гүйцэтгэх алба хоригдол оргох, үймээн гаргах, бусдыг барьцаанд авах, хорлон сүйтгэх зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдгээрийн урьд үйлдсэн болон хорих анги дотор гарсан хэргийг илрүүлэх, түүнчлэн оргосон хоригдлыг баривчлах түүнчлэн энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.6-д заасан байгууллагын гүйцэтгэх ажилд дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.5.Хилийн тагнуулын алба нь хил зөрчих, хилийн бүс, зурваст үүсч болох зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, зэвсэгт халдлага болон хилийн дэглэм зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэм буруутай этгээдийг олж тогтоох, улсын хил хамгаалахад шаардлагатай мэдээллээр хил хамгаалах байгууллага, түүний харьяа анги, салбарын удирдлагыг хангах;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.6.Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гэм буруутай этгээдийг олж тогтоох, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах;

/Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.1.7.тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, шүүх, шүүгч, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.8.цэргийн тагнуулын байгууллага нь олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдлыг судалж, Монгол Улсад учирч болзошгүй аюул, заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдлагыг хангах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.2.Гүйцэтгэх ажилд хууль тогтоомжийг чанд сахиулах, нууцыг хангуулах зорилгоор Тагнуулын байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас гадна дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.2.1.гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, энэ талаарх холбогдох журмыг баталж мөрдүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.2.гүйцэтгэх ажилд дагаж мөрдөх журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;

9.2.3.гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.4.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл зохион бүтээх, олж авах, ашиглах талаар нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.5.нууцлалыг задруулахгүй байх бүх талын арга хэмжээ авсны үндсэн дээр гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг цагдаа, авлигатай тэмцэх болон хорих ял эдлүүлэх байгууллага дээр хянан шалгах, тэдгээрт байгаа гүйцэтгэх ажлын хэрэгтэй танилцах, шаардлагатай мэдээ баримтыг гаргуулж авах.

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

9.3.Гүйцэтгэх ажлыг хуульд заасан тус тусын чиглэлээр бие даан буюу харилцан ажиллах, хувь хүн, хуулийн этгээдийн туслалцаа авах замаар хэрэгжүүлнэ.

9.4.Гүйцэтгэх ажил явуулахдаа холбоо, мэдээллийн систем, гэрэл зураг, кино, дүрс, дууны болон бусад бичлэг хийх, хүний амь бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюулгүй бусад техник хэрэгсэл ашиглана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.