11 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах
11.1.Зохицуулах хороо дараахь шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно:
11.1.1.тусгай зөвшөөрөл олгосон нь энэ хуулийн 12 дугаар зүйлийг зөрчихөөргүй бол;
11.1.2.өргөдөл гаргагч нь даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тохиромжтой этгээд бол;
11.1.3.өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол түүний эрх бүхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд тус тус тохиромжтой этгээд бол;
11.1.4.өргөдөл гаргагч энэ хууль болон даатгалын багц дүрмийг дагаж мөрдөх бүрэн боломжтой гэдэг нь нотлогдож байна гэж үзвэл;
11.1.5.тухайн төрлийн даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхэд өргөдөл гаргагчийн удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн эх үүсвэр хангалттай гэж үзвэл;
11.1.6.өргөдөл гаргагчийн нэр нь өргөдөл гаргагч даатгалын үйл ажиллагаа эрхлэх, эсхүл даатгалын зуучлагчийн тухайн үйл ажиллагааг эрхэлнэ гэдгийг илэрхийлэхгүй бол;
11.1.7.тусгай зөвшөөрөл олгох нь нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзвэл.
11.2.Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны цар хүрээ, тусгай зөвшөөрлийн төрөл, хэлбэрээс хамааран тусгай зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагыг хэдийд ч өөрчлөн тогтоож болно.
11.3.Тусгай зөвшөөрлийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.3.1.тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;
11.3.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг;
11.3.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;
11.3.4.даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн хувьд эрхлэх даатгалын үйл ажиллагааны төрөл, хэлбэр;
11.3.5.даатгалын төлөөлөгчийн хувьд даатгагчийн зөвшөөрөл;
11.3.6.эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;
11.3.7.тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон огноо;
11.3.8.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга/тэмдэг/, эсхүл цахим гарын үсэг. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд уг зөвшөөрөл нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл хүчин төгөлдөр байна.
11.5.Зохицуулах хороо өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, эсхүл тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн боловч даатгалын мэргэжлийн оролцогчийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй бол энэ тухай бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, татгалзсан үндэслэлийг заана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.6.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.7.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгосон тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
11.8.Зохицуулах хороо энэ хуулийн 11.1-д заасан "тохиромжтой этгээд"-ийг тодорхойлох зааврыг гаргаж болно.