22 дугаар зүйл. Аудиторын үүрэг
22.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн баримт материалд үндэслэн гаргасан дараахь дүгнэлтийн талаар аудитор нь Зохицуулах хороонд нэн даруй мэдэгдэнэ:
22.1.1.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа;
22.1.2.эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдсэн байж болзошгүй;
22.1.3.энэ хуулийн 14, 15 дугаар зүйлийг зөрчсөн;
22.1.4.энэ хууль, бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн.
22.2.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь аудитортай байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд аудитор Зохицуулах хороонд дараахь асуудлаар мэдээлэл өгнө:
22.2.1.гэрээг цуцалсан буюу чөлөөлөгдсөн тухай, түүний үндэслэлийн талаар;
22.2.2.энэ хуулийн 21, 22.1-д заасан тайлан болон мэдээллийн талаар.
22.3.Зохицуулах хороо аудитороос аудитын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, нэмэлт материал шаардаж болно.
22.4.Аудитор болон аудитор байсан этгээд энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тайлан болон өөрийн зөв гэж үзсэн бусад мэдээллээр Зохицуулах хороог хангасны төлөө түүнийг мэргэжлийн ёс зүйн дүрэм болон хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд эрүүгийн болон бусад хариуцлага ногдуулахгүй.