20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

20.1.Зохицуулах хороо дараахь шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн даатгалын төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно:

20.1.1.өргөдөл гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтан, өргөдөл гаргагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь тус тус даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиромжтой этгээд бол;

20.1.2.өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрлийг олгосны дараа энэ хууль болон даатгалын багц дүрмийг дагаж мөрдөх бүрэн боломжтой гэдэг нь нотлогдож байна гэж үзвэл;

20.1.3.тухайн даатгалын үйл ажиллагааг эрхлэхэд өргөдөл гаргагчийн удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн эх үүсвэр хангалттай гэж үзвэл;

20.1.4.тусгай зөвшөөрөл олгох нь нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзвэл.

20.2.Зохицуулах хороо даатгагчийн үйл ажиллагааны цар хүрээ, тусгай зөвшөөрлийн төрөл, хэлбэрээс хамааран тусгай зөвшөөрөлд тавигдах нөхцөл шаардлагыг хэдийд ч өөрчлөн тогтоож болно.

20.3.Зохицуулах хороо урт хугацааны болон ердийн даатгалын үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй.

20.4.Тусгай зөвшөөрлийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.4.1.тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;

20.4.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг;

20.4.3.эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэр;

20.4.4.үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага;

20.4.5.тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон огноо;

20.4.6.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга/тэмдэг/, эсхүл цахим гарын үсэг; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.4.7.давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх.

20.5.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд уг зөвшөөрөл нь энэ хуулийн 69, 70 дугаар зүйлд заасны дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл хүчин төгөлдөр байна.

20.6.Зохицуулах хороо өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, эсхүл тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн боловч даатгалын тодорхой төрөл, хэлбэрийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй бол энэ тухай бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, татгалзсан үндэслэлийг заана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.7.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.8.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

20.8.1.энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй;

20.8.2.даатгалын багц дүрэмд заасан баримт бичгийг бүрэн ирүүлээгүй;

20.8.3.хуульд заасан бусад үндэслэл.

20.9.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгосон тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.

20.10.Зохицуулах хороо энэ хуулийн 20.1.1-д заасан "тохиромжтой этгээд"-ийг тодорхойлох зааврыг гаргаж болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих хяналт

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.