21 дугаар зүйл. Даатгагч хөрөнгөө шилжүүлэхэд тавих хяналт

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Даатгагч хөрөнгөө шилжүүлэхэд тавих хяналт

21.1.Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгийг Зохицуулах хорооны бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.2.Аливаа этгээд Зохицуулах хорооноос бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран шууд буюу шууд бусаар эзэмших, өмчлөхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.3.Даатгагч өөрийн эзэмшил, өмчлөлд буй энэ хуулийн 21.1-д заасан хөрөнгийн талаар Зохицуулах хорооноос бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дараахь үйлдэл хийхийг хориглоно: /2024-01-12 нэмэлт өөрчлөлт оруулсан /

21.3.1.худалдах, шилжүүлэх, барьцаалах зэргээр захиран зарцуулах, эсхүл захиран зарцуулахыг бусдад зөвшөөрөх;

21.3.2.өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон багасгах үр дагаварт хүргэх хувьцаа гаргах, хуваарилах, хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувийг бууруулах буюу нэмэгдүүлэх үр дагаварт хүргэх хэлцэл хийх.

21.4.Даатгагч энэ хуулийн 21.3-т заасан үйлдэл хийх зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зохицуулах хороонд гаргана.

21.5.Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмших, өмчлөхийг хүсэгч нь ийнхүү эзэмших, өмчлөх тохиромжтой этгээд гэж үзсэн тохиолдолд Зохицуулах хороо даатгагчид зөвшөөрөл олгоно.

21.6.Зохицуулах хороо энэ хуулийн 21.5-д заасан зөвшөөрөл олгохдоо шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл, шаардлага тавьж болно.

Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн чадвар

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.