4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."даатгалын үйл ажиллагаа" гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг;

4.1.2."даатгагч" гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг;

4.1.3."даатгуулагч" гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;

4.1.4."даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг;

4.1.5."даатгалын хураамж" гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;

4.1.6."даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг;

4.1.7."даатгалын багц дүрэм" гэж энэ хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлагыг;

4.1.8."актуарч" гэж даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг;

4.1.9."давхар даатгалын үйл ажиллагаа" гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгахыг;

4.1.10."гадаадын зохицуулах байгууллага" гэж даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллагыг;

4.1.11."эрх бүхий албан тушаалтан" гэж Компанийн тухай хуулийн 81.1-д заасан этгээдийг.

4.1.12."холбогдох этгээд" гэж даатгагч болон даатгалын үйл ажиллагаа эрхэлж байсан, тэдэнд хувьцааны хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээд болон Компанийн тухай хуулийн 97.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээдийг.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.13.“даатгагчийн баталгаа” гэж даатгагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг ойлгоно. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.2.Давхар даатгалын үйл ажиллагаанд энэ хуулийн 4.1.1 дэх заалт нэгэн адил хамаарна.

4.3.Бодит хохирлоос үл хамааран тодорхой итгэлцүүр буюу бусад аргачлалыг ашиглан даатгагчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг томъёогоор дундажлан тооцоолж гаргадаг үйл ажиллагаа энэ хуулийн 4.1.1-д нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.