44 дугаар зүйл. Актуарчийн үүрэг
44.1.Актуарч нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан дараахь дүгнэлтийн талаар Зохицуулах хороонд нэн даруй мэдэгдэнэ:
44.1.1.даатгагч нь энэ хууль, бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн, эсхүл зөрчсөн байж болзошгүй;
44.1.2.даатгагч хууль тогтоомж зөрчсөн нь даатгуулагчийн эрх ашигт ноцтой нөлөөлнө гэж үзсэн.
44.2.Актуарч нь даатгагчийн санхүүгийн байдал, нөөцийн сан, төлбөрийн чадвар, даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхолд нөлөөлж болох аливаа асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах талаар даатгагчид мэдэгдэх үүрэгтэй.
44.3.Актуарч энэ хуулийн 44.2-т заасны дагуу даатгагчид мэдэгдсэн бөгөөд тогтоосон хугацаанд даатгагч ямар нэг арга хэмжээ аваагүй бол энэ тухай Зохицуулах хороонд нэн даруй мэдэгдэнэ.
44.4.Даатгагч актуарчтай байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд актуарч нь Зохицуулах хороонд дараахь асуудлаар мэдээлэл өгнө:
44.4.1.гэрээ цуцалсан буюу чөлөөлөгдсөн тухай, түүний үндэслэлийн талаар;
44.4.2.энэ хуулийн 44.1, 44.3-т заасан мэдээллийн тухай.
44.5.Актуарч болон актуарч байсан этгээд тайлан болон энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан өөрийн зөв гэж үзсэн бусад мэдээллээр Зохицуулах хороог хангасны төлөө түүнийг мэргэжлийн ёс зүйн дүрэм болон хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд эрүүгийн болон бусад хариуцлага ногдуулахгүй.