8 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр
8.1.Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
8.2.Даатгалын гэрээнд заасан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээдэд шууд олгож болно.
8.3.Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно.
8.4.Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
8.4.1.даатгуулагчийн өргөдөл;
8.4.2.даатгалын баталгааны эх хувь;
8.4.3.учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан дүгнэлт, акт материал; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.4.4.шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
8.5.Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно:
8.5.1.даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
8.5.2.даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
8.5.3.даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
8.5.4.гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
8.5.5.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
8.6.Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.7.Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.