16 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
16.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дайны үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хорооны ажлын аппарат байж, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэн аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, сум, дүүргийн батлан хамгаалах товчоог захиргааны удирдлагаар хангана.
16.2.Дайны байдалтай холбогдуулан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Тайван цагт:
16.2.1.улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төсөл боловсруулж Засгийн газарт оруулах;
16.2.2.зэвсэгт хүчнийг бодлогын удирдамжаар хангаж, үйл ажиллагааг нь зохицуулах;
16.2.3.улс орныг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангах талаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын хүлээх үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
16.2.4.цэргийн дайчилгааны материаллаг нөөцийн хэмжээ, байршлыг тогтоож, түүнийг бүрдүүлэх, шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;
16.2.5.байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дайчлан зэвсэгт хүчний хэрэгцээнд ашиглах техник, материал хэрэгсэлийн төрөл, тоог тогтоох;
16.2.6.орон нутгийн цэргийг зэвсэг, байлдааны техник, галт хэрэглэлээр хангах бэлтгэлийг зохион байгуулах.
Дайны байдлын үед:
16.2.7.Монгол Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газраас батлан хамгаалах талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;
16.2.8.зэвсэгт хүчнийг хэсэгчилсэн буюу бүх нийтийн дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах, саналыг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
16.2.9.зэвсэгт хүчнийг зэвсэг, цэргийн техник бусад материал хэрэгслэлээр хангах;
16.2.10.орон нутгийн цэргийг зэвсэг, байлдааны техник, галт хэрэглэлээр хангах ажлыг зохион байгуулах;
16.2.11.сайн дурын зэвсэглэсэн бүлгийн үйл ажиллагаа, бүх төрлийн хангалтад туслалцаа дэмжлэг үзүүлэх;
16.2.12.зэвсэгт хүчний байлдааны хохирлыг нөхөн хангахад шаардлагатай бие бүрэлдэхүүн, зэвсэг, техник, бусад материал хэрэгсэлийн нэмэгдэл даалгаврыг боловсруулах.
16.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.