15 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
15.1.Дайны байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Тайван цагт:
15.1.1.улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;
15.1.2.эдийн засгийн удирдлага, төлөвлөлт, хөгжлийн стратегийн зорилт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн бодлогыг эх орноо батлан хамгаалах хэрэгцээ, шаардлагатай зохистойгоор уялдуулах;
15.1.3.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалт, түүнд шилжих журам тогтоох;
15.1.4.улсын дайчилгааны материаллаг нөөцийн хэмжээ, байршилтыг тогтоож, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;
15.1.5.улсын болон зэвсэгт хүчний хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага, аж ахуйн нэгжийг дайны байдалд шилжүүлэх журам тогтоох:
15.1.6.нутаг дэвсгэрийн төхөөрөмжлөл, цэргийн дэд бүтцийг бэхжүүлэх арга хэмжээ авах;
15.1.7.стратегийн ач холбогдол бүхий зам, гүүр, төмөр замын зангилгаа, нисэх онгоцны буудал, холбооны сүлжээг дайны байдлын үед ашиглахад бэлтгэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;
15.1.8.дайны байдлын үед үйлчлэлийг зогсоох, хязгаарлах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн нэр, заалтыг тодорхойлох.
Дайны байдлын үед:
15.1.9.улс орныг дайны байдалд шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулах;
15.1.10.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагыг дайны байдалд шилжүүлэх;
15.1.11.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тодотгол хийх тухай саналыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр саырн 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.12.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх улсын захиалга-даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.1.13.улсын болон зэвсэгт хүчний хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууллага, аж ахуйн нэгжийг техник хэрэгсэл, түүхий эд, ажиллах хүчээр эхний ээлжинд хангах арга хэмжээ авах;
15.1.14.улс орны эдийн засаг, нийгмийн үндсэн салбар болон дэд бүтцийн тогтвортой ажиллагааг хангах;
15.1.15.дайны байдлын үед байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, хүнс, тэжээлийн нөөцийг дайчлах журам тогтоох;
15.1.16.хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийг хуваарилах онцгой журам тогтоох;
15.1.17.улсын болон цэргийн дайчилгааны материаллаг нөөцийг захиран зарцуулах;
15.1.18.дайны байдлын үеийн нийгмийн дэг журмыг чанд сахиулах;
15.1.19.байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх, шатаах, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай зэвсэг, байлдааны техник, хэрэгслэлийн ашиглалт, хадгалалттай холбогдсон асуудлыг шийдвэрлэх;
15.1.20.аж төрөхөд нэн аюултай байлдааны ажиллагааны талбар, хөнөөлийн голомт бүхий нутаг дэвсгэрээс хүн ам, мал, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
15.1.21.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллага, дэмжигч улс орнуудын бүх талын тусламж дэмжлэг авах, хууль тогтоомжийн дагуу гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулах ажлыг зохион байгуулах.
15.2.Монгол Улсын Засгийн газар дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, зэвсэгт хүчний байлдааны ажиллагааг хангах талаар хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.