18 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын үүрэг

ДАЙНЫ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын үүрэг

18.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга нь дайны байдлын үед тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн байгууллага болох аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, сум, дүүргийн батлан хамгаалах товчоог тэргүүлнэ.

18.2.Батлан хамгаалах газрын ажлын аппарат нь Засаг даргын Тамгын газар, цэрэг-иргэний хамгаалалтын хэлтэс байна.

18.3.Дайны байдалтай холбогдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн Засаг дарга дараахь үүргийг хүлээнэ:

Тайван цагт:

18.3.1.нутаг дэвсгэрийн засаг захиргаа, эдийн засгийг дайны байдалд шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулан дээд шатны байгууллагад оруулж, түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах;

18.3.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн төлөвлөгөө, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлж байх;

18.3.3.зэвсэгт хүчин, бусад цэргийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах Засгийн газрын захиалга-даалгаврын биелэлтийг зохион байгуулах;

18.3.4.стратегийн ач холбогдол бүхий зам, гүүр, төмөр замын зангилгаа, нисэх онгоцны буудал, холбооны сүлжээ, улсын онц чухал объектыг хамгаалах арга хэмжээ авах;

18.3.5.улсын дайчилгааны материаллаг нөөц болон орон нутгийн хүнс, эд хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, шинэчлэх, нөхөн сэлбэх;

18.3.6.цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, тэдэнд эх оронч хүмүүжил олгох, бие бялдар, оюуны өв тэгш хөгжлийг хангах тогтолцоог бүрдүүлэх ажил зохион байгуулах;

18.3.7.цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгаатай сургууль, цугларалтыг төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран хууль тогтоомжид заасны дагуу зохион явуулах.

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Дайны байдлын үед:

18.3.8.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, санхүү, төсвийн хуваарилалтыг дайны байдалд зохицуулан өөрчлөх;

18.3.9.нутаг дэвсгэртээ дайны байдлын дэг журмыг тогтоож, хяналт тавих;

18.3.10.нутаг дэвсгэр, онцгой объектын хамгаалалтыг зохион байгуулж удирдах;

18.3.11.орон нутгийн цэрэг, сайн дурын зэвсэглэсэн бүлгийн зэвсэг, цэргийн техник, галт хэрэглэлээс бусад бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;

18.3.12.дайны байдлын үед түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх улсын захиалга-даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулах;

18.3.13.орон нутгийн хүнс, эд хөрөнгийн нөөцийг захиран зарцуулах;

18.3.14.хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийг хуваарилах онцгой журмыг хэрэгжүүлэх;

18.3.15.нутаг дэвсгэртээ орон нутгийн цэргийг зохион байгуулж, үйл ажиллагааг удирдах;

18.3.16.иргэний болон цэргийн бүртгэлийг нэн даруй тодотгож, шилжилт хөдөлгөөний талаар тогтоосон журмыг чанд мөрдөх;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.3.17.иргэд, байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, эсхүл шилжин ирэгсэдийг байрлуулах ажлыг зохион байгуулах;

18.3.18.нутаг дэвсгэртээ орших байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс зэвсэгт хүчний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай техник, материал, хэрэгсэлийг зохих журмын дагуу дайчлах;

18.3.19.нутаг дэвсгэрийн төхөөрөмжлөлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн ам, техникийг дайчлан оролцуулах;

18.3.20.дайны байдлын үеийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад үүргийг биелүүлэх.

18.4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, батлан хамгаалах газар, товчооны шийдвэрийг Засаг дарга, нутаг дэвсгэрийн бүх байгууллага, иргэд заавал биелүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.