19 дугаар зүйл. Цэргийн дээд командлалын газар
19.1.Цэргийн дээд командлалын газар нь дайны байдлын үед Монгол Улсын зэвсэгт хүчний бүх талын үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангах дээд байгууллага мөн.
19.2.Цэргийн дээд командлалын газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хороо томилно.
19.3.Цэргийн дээд командлалын газар дараахь чиг үүрэг хүлээнэ:
19.3.1.цэрэг-стратеги, цагийн байдлыг үнэлж, дүгнэлт хийх;
19.3.2.зэвсэгт хүчнийг операци, байлдаанд хэрэглэх бодлого, шийдвэрийг гаргах, биелэлтэд хяналт тавих;
19.3.3.стратегийн тагнуулын үүргийг тодорхойлох;
19.3.4.зэвсэгт тэмцлийг удирдан чиглүүлэх;
19.3.5.зэвсэгт хүчний нөөцийн бэлтгэл, хуваарилалт, бүх төрлийн хангалтыг зохион байгуулж, хяналт тавих;
19.3.6.орон нутгийн цэрэг, сайн дурын зэвсэглэсэн бүлгийн байлдааны ажиллагааг удирдан зохицуулах;
19.3.7.зэвсэгт хүчин, гадаадын цэргийн хүчний хамтын болон харилцан ажиллагааг зохион байгуулах;
19.3.8.зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;
19.3.9.дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
19.3.10.дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа зэвсэгт хүчний анги, байгууллага болон орон нутгийн батлан хамгаалах газар хоорондын харилцах журмыг тогтоох;
19.3.11.зэвсэгт тэмцлийг явуулахтай холбогдсон бусад арга хэмжээг өөрийн чиг үүргийн хүрээнд зохион байгуулах.
19.4.Цэргийн дээд командлалын газрын ажлын аппарат нь Зэвсэгт хүчний Жанжин штаб байна.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.5.Цэргийн дээд командлалын газар нь өөрийн холбооны зангилгаа, хамгаалалт, хангалт үйлчилгээний нэгжүүдтэй байна.