23 дугаар зүйл. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах
23.1.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно.
23.2.Дайчилгаагаар эхний ээлжинд дайчлагдах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоо, тэдгээрт цэрэгт бүртгэгдсэн мэргэжлийн дугаарыг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тогтооно.
23.3.Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь дайчилгаа зарламагц зарлан дуудах мэдэгдэлд заасан хугацаанд цугларах байранд ирэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.4.Цэргийн бэлтгэл үүрэгтэн тогтоосон хугацаанд цугларах байранд ирээгүй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар түүнийг дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүнээс нөхөн солино. Тогтоосон хугацаанд цугларах байранд ирээгүй цэргийн бэлтгэл үүрэгтэнд энэ хуулийн З6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.5.Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч дайчилгаа зарласан үед дайчлагдан татагдах цэргийн бэлтгэл үүрэгтэнг ажил сургуулиас чөлөөлөх, албан томилолт, амралттай явсан бол яаралтай дуудаж тогтоосон хугацаанд нь цугларах байранд ирүүлэх үүрэгтэй.
23.6.Цэргийн бэлтгэл үүрэгтэнг дайчлан алба хаах цэргийн анги болон үүрэг гүйцэтгэх газарт нь хүргэхэд шаардагдах тээвэр, хүнс, байрны зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага хариуцна.
23.7.Гадаадад оршин суугаа цэргийн бэлтгэл үүрэгтэнг дайчлах ажлыг батлан хамгаалах болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран гүйцэтгэнэ.