4 дугаар зүйл. Дайчилгаа

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Дайчилгаа

4.1.Улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах замаар улсын дайчилгааг явуулна.

4.2.Дайчилгаа нь бүх нийтийн болон хэсэгчилсэн байна.

4.3.Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор цэргийн дайчилгаа явуулах бөгөөд энэ нь улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байна.

4.4.Улсын дайчилгааны бэлтгэлийг хангах дараах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.4.1.төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дайчилгаа явуулах нөхцөлийг тодорхойлох;

4.4.2.улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах;

4.4.3.төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчилгааны даалгаврыг тогтоох, дайчилгааны төлөвлөгөө боловсруулах;

4.4.4.улсын дайчилгааны нөөцийг бүрдүүлэх;

4.4.5.дайчилгааны сургалт, дайчилгаатай сургууль зохион байгуулж явуулах;

4.4.6.баталгаат албан тушаалын жагсаалт гаргах;

4.4.7.зэвсэгт хүчнийг байлдааны цагийн орон тоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах;

4.4.8.дайчилгааны бэлтгэлийг үнэлж, дүгнэх.

4.5.Улсын дайчилгаа явуулахад дараах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.5.1.дайчилгаа явуулах шийдвэр гаргах;

4.5.2.дайчилгааны зарлан мэдээллийг явуулах;

4.5.3.зэвсэгт хүчнийг байлдааны цагийн орон тоогоор өргөтгөн зохион байгуулах;

4.5.4.төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг дайчилгаа зохион байгуулах горимд шилжүүлэх;

4.5.5.улсын санхүүгийн нөөцийг дахин хуваарилах;

4.5.6.зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд шилжүүлэх, түүний ажиллагааг дэмжих дайчилгааны даалгавартай нэгжийг байгуулах;

4.5.7.тээврийн байгууллагын үйл ажиллагааг дайчилгааны горимд шилжүүлэх;

4.5.8.хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах;

4.5.9.хүн амыг амьжиргааны зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнээр хуваарилан хангахад бэлтгэх;

4.5.10.дайчилгааны даалгаврын дагуу хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг шаардлагатай нөхцөлд нүүлгэн шилжүүлэх.

/Энэ зүйлийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.