3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд дурдсан нэр томъёог дараахь утгаар ойлгоно:
3.1.1."Бүх нийтийн дайчилгаа" гэж Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхийг;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2."Хэсэгчилсэн дайчилгаа" гэж нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайчилгаа явуулах буюу хязгаарлагдмал зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөний зөвхөн зарим арга хэмжээг хэрэгжүүлэхийг;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.3."Дайчилгааны сургалт" гэж төрийн удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийг:
3.1.4."Дайчилгаатай сургууль" гэж оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтэн, техник хэрэгслийг цэргийн хээрийн сургуульд татан оролцуулахыг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.5."Дайчилгааны даалгавар" гэж улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор энэ хуулийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хүлээлгэсэн үүргийг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.6."Дайчилгааны нөөц" гэж дайчилгаа зарласан тохиолдолд дайчлан татахаар төлөвлөсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник, эд хөрөнгийг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.7."Дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүн" гэж зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг дайчилгааны даалгаврын дагуу нөхөн хангасны дараа үлдэх цэргийн бэлтгэл үүрэгтэн иргэдийг;
3.1.8."Эд хөрөнгө" гэж зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хүнс, хувцас, шатахуун, тосолгооны материал, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, ороох боох материал, техникийн сэлбэг, бусад эд хогшлыг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.1.9."Баталгаат албан тушаал" гэж улс орны удирдлага, эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын тогтвортой ажиллагааг хангахын тулд цэргийн дайчилгаанаас чөлөөлж байхаар Засгийн газраас тогтоосон албан тушаалыг;
3.1.10."Цугларах байр" гэж дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулахаар сонгож авсан байр, байршил, газрыг;
3.1.11."Шилжүүлэх байр" гэж техник, хэрэгслийг дайчлан татах ажлыг зохион байгуулахаар сонгож авсан байр, байршил, газрыг;
3.1.12."Улсын захиалга-даалгавар" гэж батлан хамгаалах хэрэгцээг хангахын тулд Засгийн газраас байгууллага, аж ахуйн нэгжид тогтоож өгөх заавал биелүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөөг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.1.13."Дайчилгааны төлөвлөгөө" гэж дайчилгааны бэлэн байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээг цаг хугацаа, байр, үүрэг, хариуцах эзэн, арга хэлбэр, багтаамжаар нь уялдуулан зохицуулж боловсруулсан баримт бичгийн цогцыг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.14."Дайчилгаа" гэж улс орны эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулахын тулд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.15."Дайчилгааны бэлтгэл" гэж улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах бэлэн байдлыг хангах арга хэмжээг тайван цагт хэрэгжүүлэхийг.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/