5 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлого
5.1. Хүн амын дархлаажуулалт нь төрийн ивээлд байх бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээрийн тархалтыг хязгаарлах, өвчнийг устгахад төрөөс дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:
5.1.1. иргэн бүрт сэргийлэх тарилга хийлгэх боломжийг бүрдүүлэх;
5.1.2. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар эрүүл мэндийн байгууллагаас хийж байгаа сэргийлэх тарилгын зардлыг улсын төсвөөс гаргах;
5.1.3. сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдолд иргэдэд ердийн өвчний адил тэтгэмж олгох;
5.1.4. улс, орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын зорилтот хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
5.1.5. дархлаажуулалтад үр ашигтай нь тогтоогдсон дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэх;
5.1.6. дархлаажуулах бэлдмэлийн чанар, үр ашиг, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлыг төрөөс хянах;
5.1.7. дархлаажуулах бэлдмэлийг өөрийн улс оронд үйлдвэрлэгчдэд төрөөс туслаж, энэ чиглэлийн шинэ бэлдмэл боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих;
5.1.8. эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх боловсролын стандартад дархлаажуулалтын асуудлыг тусгах;
5.1.9. халдварт өвчний тархалтыг тандах, дархлаажуулалтын түвшинг үнэлэх, хянах тогтолцоог боловсронгуй болгож, улсын хэмжээнд мэдээллийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх.
5.2. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлогыг төв, орон нутгийн төрийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.
5.3. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэртээ дархлаажуулалтыг зохион байгуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:
5.3.1. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.3.2. нутаг дэвсгэрийнхээ хүн амыг дархлаажуулах тусгай хөтөлбөр батлах.