6 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг
6.1. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь эрх эдэлнэ:
6.1.1. сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;
6.1.2. сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох;
6.1.3. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх;
6.1.4. тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх;
6.1.5. эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.
6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ:
6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;
6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр баталгаажуулах; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;
6.2.4.Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.
/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/