15 дугаар зүйл. Дипломат албан тушаал эрхлэх болзол
/Энэ 15 дугаар зүйлийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15.1. Энэ хуулийн 15.2,15.3-т заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн дипломат албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй.
15.2. Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15.3. Ажлын зайлшгүй шаардлага, онцгой мэргэшил, дадлага туршлагыг харгалзан түгээмэл нэг гадаад хэл эзэмшсэн хүнийг дипломат ажилд томилон ажиллуулж болно.
15.4. Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзлыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
15.5. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төр, засгийн бусад байгууллагатай тохиролцон тодорхой мэргэжлийн төрийн албан хаагчийг тусгайлан бэлтгэж дипломат албанд авч ажиллуулж болно.
15.6.Энэ хуулийн 15.5-д заасны дагуу дипломат албанд ажиллуулах журмыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/