16 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдыг томилох, эгүүлэн татах, чөлөөлөх

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдыг томилох, эгүүлэн татах, чөлөөлөх

/Энэ 16 дугаар зүйлийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.1.Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.2. Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна.

16.3. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогчийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, эгүүлэн татна.

16.4. Цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох байгууллагын саналын дагуу томилж, эгүүлэн татна.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.5. Энэ хуулийн 16.1.-16.4.-т зааснаас бусад дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

16.6. Дипломат ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Дипломат төлөөлөгчийн газарт сэлгүүлэн ажиллуулах зарчмыг баримтална.

16.7. Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 4 жил байна.

/2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон Тайлбар: Энэ хэсэгт оруулсан өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамаарахгүй."/

16.8. Ажлын шаардлага, томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дипломат ажилтныг томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 16.7-д заасан томилолтын хугацааг сунгаж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.9. Дипломат төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг томилон ажиллуулахдаа мэргэжлийн бэлтгэл, мэргэшил, боловсрол болон ажилласан хугацааг нь харгалзана.

Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын ажиллах нөхцөл, баталгаа

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.