4 дугаар зүйл. Дипломат албаны тогтолцоо, байгууллага
4.1. Монгол Улсын дипломат албыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн удирдана.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.2. Дипломат албаны хилийн чанад дахь үйл ажиллагааг Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлнэ.
4.3. Консулын албаны зарим үүргийг Монгол Улсын өргөмжит консулаар олон улсын эрх зүйн дагуу гүйцэтгүүлж болно.
4.4. Өргөмжит консулын үйл ажиллагааны чиглэл, түүний эрх, үүргийг тодорхойлсон журмыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
4.5. Өргөмжит консулыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
4.6.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдолд төрийн болон нутгийн захиргааны бусад байгууллага, түүний нэгж, салбар, төлөөлөгчийн газрыг гадаад улсад байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/