5 дугаар зүйл. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

5.1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас гадна өөрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

5.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах;

5.1.2. улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

5.1.3. Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, байр суурь, нэр хүндийг олон улсын хэмжээнд дипломат аргаар бататган хамгаалах;

5.1.4. Монгол Улсаас гадаад улстай тогтоосон дипломат болон консулын харилцааг хэрэгжүүлэх;

5.1.5. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллагад тус улсын идэвхтэй төлөөллийг хангах, эрх ашгийг хамгаалах;

5.1.6. Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, явц, үр дүнг нэгтгэн илтгэх;

5.1.7. Монгол Улсын нэгдмэл, залгамж чанартай гадаад бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Монгол Улсын төр, засгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

5.1.8. гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагааг эдийн засаг, шинжлэх ухаан, техник, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай уялдуулан зохицуулах;

5.1.9. төр, засгийн газрын байгууллагын шугамаар хэрэгжүүлэх олон улсын харилцааны үйл ажиллагааг мэдээлэл-судалгаа, арга зүйн зөвлөмжөөр хангаж, үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах;

5.1.10. хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тэдгээрийн байршил, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагын дагуу боловсронгуй болгох санал боловсруулах;

5.1.11. Монгол Улсын олон улсын гэрээг байгуулах, эх бичвэрийг хадгалах дагаж мөрдөхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдсэн аргачлал, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, тэдгээрийн дагуу Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийн байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэх, хэрэгжилтийн явцын талаар Засгийн газарт илтгэж байх;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.1.12. Монгол Улсын гадаад хэргийн архивыг эрхлэх;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.1.13. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, албан ёсны мэдээлэл түгээх, монголын олон нийтийг дипломат үйл ажиллагаа, олон улсын байдлын талаархи цаг үеийн мэдээллээр хангах;

5.1.14. төрийн дипломат ёслолыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

5.1.15.Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газрыг олон улсын байдал, улс хоорондын харилцаа, тодорхой улс, олон улсын байгууллагын бодлого, үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, зах зээлийн холбогдох мэдээллээр хангах;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.16. Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.2.Энэ хуулийн 5.1.14-т заасан төрийн дипломат ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн ёслолын журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.