9 дугаар зүйл. Дипломат албанд ажиллагчид

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Дипломат албанд ажиллагчид

9.1. Дипломат албанд ажиллагчдыг дипломат ажилтан болон үйлчилгээ, техникийн ажилтан гэж ангилна.

9.1.1. Монгол Улсын дипломат албан тушаалд томилогдож, дипломат ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын иргэнийг дипломат ажилтан /дипломат/ гэнэ.

9.1.2. Дипломат албан тушаал нь төрийн тусгай албан тушаал байна.

/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.3. Монгол Улсын дипломат албаны үйлчилгээ, техникийн ажилтан нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.

9.2. Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь үүрэгт ажилдаа орохын өмнө "Монгол Улсын иргэн би Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг ямагт дээдэлж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлст үнэнч шударгаар хичээн зүтгэж, дипломат ажилтны нэр төр, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн биелүүлж, төрийн болон албаны нууцыг чандлан хадгалж явахаа батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн өмнө хариуцлага хүлээх болно" хэмээн тангараг өргөнө.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.3. Дипломат ажилтны тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

9.4. Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнийг дипломат ажилтны албан тушаалаас бусад албан тушаалд ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд тэдний хөдөлмөр, нийгмийн, эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлаар байгуулах гэрээ, хэлцлийг Монгол Улсын болон суугаа улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.