7 дугаар зүйл. Даатгалын гэрээ, түүний хугацаа
7.1.Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.
7.2.Даатгуулагч батлагдсан маягтын дагуу даатгагчид мэдүүлэг бөглөж өгнө.
7.3.Даатгалын гэрээг энэ хуулийн 7.4-т заасан стандарт, загварын дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.4.Даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загварыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
7.5.Даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй.
7.6.Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгуулагчаас даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болно.
7.7.Даатгагч нь даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.