7 дугаар зүйл. Агентлагийн нийтлэг эрхлэх асуудал
7.1.Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:
7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;
7.1.2.холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах;
7.1.3.төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах;
7.1.4.агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид оруулах;
7.1.5.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж буй ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
7.1.6. салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
7.1.7.хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах;
7.1.8.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах;
7.1.9.хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.10.хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал.
7.2.Агентлагийн эрхлэх тодорхой асуудлыг хууль тогтоомж, хуулиар эрх олгосон бол Засгийн газрын шийдвэрээр тогтооно.