8 дугаар зүйл. Агентлагийн удирдлага

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Агентлагийн удирдлага

8.1.Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ.

8.2.Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана.

8.3.Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1. энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;

8.3.2. агентлагийг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3.3.агентлагийн төсвийн ерөнхий менежерийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг хангах;

8.3.4.батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох;

8.3.5.хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;

8.3.6.эрхэлсэн асуудлаараа сайдад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах;

8.3.7.агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;

8.3.8.тогтоосон журмын дагуу агентлагийн нэр дээр банкинд харилцах данс нээх;

8.3.9. агентлагийг төлөөлж бусад байгууллагатай харилцах;

8.3.10.салбарын мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах тооцоо, судалгаа, мэдээ, материалыг хуульд харшлаагүй бол холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулан авах;

8.3.11. хуульд заасны дагуу олгосон болон энэ хуулийн 9.1-д заасны дагуу шилжүүлсэн бусад бүрэн эрх.

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4. Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.

8.5. Агентлагийн дарга нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана.

8.6. Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө. Агентлагийн даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга агентлагийг төлөөлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.