8 дугаар зүйл. Албан татвар төлөх, тайлагнах
1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг уг автобензин, дизелийн түлш Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор гаалийн байгууллагад төлнө.
/Энэ хэсэгт 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаалийн байгууллагад гарган өгч албан татварын эцсийн тооцоо хийнэ.
3.Гаалийн байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлсөн автобензин, дизелийн түлшний албан татварыг уг албан татвар дансанд орсноос хойш хуанлийн 3 хоногт багтаан улсын төсөвт шилжүүлнэ. Энэхүү албан татварын орлогоос замын санд төвлөрүүлэх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг дараа сарын 15-ны дотор улсын төсвийн орлогын дансанд төлнө.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Үндэсний татварын албанд гарган өгч, албан татварын эцсийн тооцоо хийнэ.
/Энэ зүйлд 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/