9 дугаар зүйл. Сангийн үндсэн үйл ажиллагаа
9.1.Сан нь дараах үйл ажиллагааг явуулна:
9.1.1.банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах;
9.1.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээс гаргасан хаалттай өрийн бичгээс банк, санхүүгийн байгууллага худалдаж авсан бол уг худалдаж авсан өрийн бичигт батлан даалт гаргах.
9.1.3.төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогод нийцүүлэн Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдийн урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах. /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.1.4.уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах. /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
9.2.Сан нь энэ хуулийн 9.1-д заасан батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.Сангийн хөрөнгийг банкинд хадгаламж, харилцах хэлбэрээр болон Засгийн газрын өрийн бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хэлбэрээр байршуулж болно.