12 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үнэ, хөнгөлөлт
12.1.Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно.
12.2.Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хууль, 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.3.Энэ хуулийн 12.2-д заасан нөхөх олговрыг олгох журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.4.Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих хөлсийг төлсөн зорчигчид энэ хуулийн 16-д заасан журмын дагуу хэвлэсэн зорчих тасалбар олгоно.
12.5.Таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг энэ хуулийн 6.1.7-д заасан жишиг тарифт нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.6.Энэ хуулийн 12.5-д заасан нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн орлогыг орон нутгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд зарцуулалтад эрх бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавина. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.7.Энэ хуулийн 12.6-д заасан орлогыг төвлөрүүлэхэд хяналт тавих ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/